Ажилтныг тогтвортой ажиллуулахад анхаарах 9 зөвлөмж


Менежер хүн сайн ажиллагсдаа тогтоон барихын тулд юу хийж чадах вэ? Доорх товч жагсаалтаас гол арга замуудтай танилцана уу.

Нийтэлсэн: Э. Жанчивдорж

1. Ажлын гарааг зөв тавих.

Тухайн ажлын байранд тохирох хүнийг олж аваад, түүнд юу хийх, ямар соёлын орчинд ажиллахыг нь сайтар ойлгуулах. Мөн шинэ ажилтны чиглүүлгийг сайн хийж, шинэ хамт олон нь түүнийг уриалагхан, нээлттэй хүлээж авч буйг мэдрүүлэх нь чухал.

2. Ажлын таатай орчин бүрдүүлэх, хүндлэл хүлээхүйц удирдагч томилох.

Менежерүүд компанийн бодлого, байгууллагын соёл нь ажлын орчныг тодорхойлох гол хүчин зүйлс гэж өрөөсгөл ойлгох нь түгээмэл. Үүнд үнэний ор бий. Гэхдээ бодлого, журмын сиймхийг ашиглаж болдог. Тэгээд ч тухайн ажилтны хувьд ажиллаж буй алба нэгжийнх нь уур амьсгал байгууллагын ерөнхий соёлоос илүү нөлөөтэй байдаг. Тэгвэл танай алба энэ тал дээр ямархуу вэ?Муу удирдагч байгаа газарт ажлын таатай орчин хэзээ ч бүрдэхгүй. Танай менежер, ахлахуудын дунд ажилтнуудынхаа дургүйцлийг төрүүлдэг хүн хэд байна вэ? Ажиллагсдаа дорд үздэг, тэдэн руу ёс бусаар дайрч хашгирдаг, өөрийнхөө алдаанд бусдыг буруутгадаг, хэзээ ч "Та маш сайн ажиллалаа" гэж хэлдэггүй хүн бий юу? Ийм удирдагч танайд байгаа бол, удирдлагад нь ажиллаж байгаа чадварлаг хүмүүс шил дараалан ажлаасаа гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Байнга шинэ сайн ажилтан хайж зүдэрч байснаас, буруу томилсон удирдагчийг чөлөөлж явуулах нь зүйтэй.

3. Мэдээллээр хангах.

Ажилтнууддаа бизнесийн нөхцөл байдал, санхүүгийн гүйцэтгэл, стратеги төлөвлөгөөний талаар байгааг харуулна. Мөн мэдээлэл өгөх нь таны тэдэнд итгэж ажилтан таны чухал хамтрагч, бизнесийг бүхэлд нь ойлгож хувь нэмрээ оруулах чадвартай гэж үзэж байгааг тань тэдэнд мэдрүүлнэ.

4. Аль болох их эрх чөлөө өг.

Ямар ч хүн заавар тушаал бага байхад дуртай байдаг. Тиймээс хүмүүсийг аль болох сул тавихыг бод. Ингэснээр тэдэнд ч сайхан, менежерийн хувьд танд ч амар. Шинэ зах зээл судлах, тулгарсан бэрхшээлийг шийдэх зэрэг ажлыг тусгай баг томилж, тэдэнд даатга. Хэрэв боломжтой бол бүр хэлтэс нэгжээр нь бие даалгаж ажиллуулсан ч болно.

5. Ажилтныг сорих.

Ажилтнуудад аль болох хүч сорьсон, хэцүү даалгавар өгөх хэрэгтэй. Ялангуяа сайн ажилтнууд сорилтод дуртай. Энэ нь мөн тэдэнд итгэж байгаа илэрхийлэл юм. Тиймээс үлдээхийг хүсэж буй хүмүүстээ амаргүй даалгавар өгч, шаардлагатай тусламж, дэмжлэгээр хангаарай.6. Уян хатан байх.Ceridian Employer Services судалгаа хийж үзээд, ажлын уян хатан хуваарь нь ажилтныг тогтвортой ажиллуулах нэгэн гол нөхцөл болдог гэж дүгнэжээ. Судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь виртуал баг, ажлын уян хатан хуваарь, зайнаас ажиллах зэрэг нь ажилтныг тогтвортой ажиллуулахад чухал нөлөөтэй хэмээн хариулсан байна. Гэвч ажлын хуваарийг үндсээр нь өөрчлөх эрх мэдэлтэй менежер цөөхөн. Харин өвчтэй хүүхдээ асрах, эмнэлэгт үзүүлэх гэх мэт өдөр тутам тохиолддог ахуйн асуудлыг ямар ч удирдлага уян хатнаар зохицуулж өгөх боломжтой байдаг. Өнөөгийн цаг завгүй, яаруу сандруу нийгэмд энэ мэт уян хатан зохицуулалт хүмүүсийн сэтгэлийг татах нь дамжиггүй.

6. Уян хатан байх.

Ceridian Employer Services судалгаа хийж үзээд, ажлын уян хатан хуваарь нь ажилтныг тогтвортой ажиллуулах нэгэн гол нөхцөл болдог гэж дүгнэжээ. Судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь виртуал баг, ажлын уян хатан хуваарь, зайнаас ажиллах зэрэг нь ажилтныг тогтвортой ажиллуулахад чухал нөлөөтэй хэмээн хариулсан байна. Гэвч ажлын хуваарийг үндсээр нь өөрчлөх эрх мэдэлтэй менежер цөөхөн. Харин өвчтэй хүүхдээ асрах, эмнэлэгт үзүүлэх гэх мэт өдөр тутам тохиолддог ахуйн асуудлыг ямар ч удирдлага уян хатнаар зохицуулж өгөх боломжтой байдаг. Өнөөгийн цаг завгүй, яаруу сандруу нийгэмд энэ мэт уян хатан зохицуулалт хүмүүсийн сэтгэлийг татах нь дамжиггүй.

7. Ажлын байрыг зөв зохион байгуулах.

Утга учиргүй, хэт давтагдмал, гарын үзүүрээр хийчихдэг, дургүй хүргэм ажилд хурц ухаантай чадварлаг хүн удаан тэсэхгүй. Тиймээс хүний нөөцийн эргэц өндөр байгаа ажлын байруудын ажил ажилбарыг нарийвчлан хараарай. Ажлын байрны зохион байгуулалтыг өөрчилснөөр эргэцийн асуудлыг шийдэж болно. Давтагдмал ажлыг шинэ үүрэг хариуцлагаар баяжуулах, ганцаараа ажилладаг хүмүүсийг хааяа нэг багийн ажилд татан оролцуулах, хариуцлагын хүрээг тэлж өргөжүүлэх зэрэг хувилбарыг бодож үзээрэй. Хэрэв тухайн ажилд хэн ч хийхийг хүсэмгүй ганц нэг ажилбар бий бол, тэр хэсгийг нь хасаж, эсвэл гадагшаа аутсорсинг хийж болно.

8. Сэтгэл нь эргэсэн хүмүүсийг эрт илрүүлэх.

Сайн ажил, сайхан орчин гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр. Нэг хүнд таалагдсан ажил, өөр нэг хүний бухимдлыг төрүүлж байж болно. Тиймээс юу болоод байгааг хүмүүсээс асууж байж л мэдэх боломжтой. Удирдагч хүний хувьд та ажилтнуудтайгаа байнга санал солилцож, харилцаж байгаа. Тэгвэл үүн дээрээ нэмээд, тэдний санаа бодлыг тандах уулзалтын шинэ хэлбэр нэвтрүүлж болно. Ингэж тусгайлан уулзах нь ажлаас гарч болзошгүй байгаа хүмүүсийг эрт илрүүлэхэд тустай. Хүмүүстэй "ажилдаа үлдэх ярилцлага" хийж, үүрэг даалгавар, байгууллагын бодлого, ажлын орчны талаар ямар бодолтой явааг нь сонс. Түүнчлэн ажилтны хувийн зорилго, энэ байгууллагад цаашид ажиллах гол шалтгаан, байгууллагын соёлд хэр дасан зохицож буйг нь асуугаарай. Үүний зэрэгцээ, та өөрийн гүйцэтгэлийн талаар бусдын санаа бодлыг сонсох нь зүйтэй. Тухайлбал, Arrow Electronics компанид “360 үнэлгээ”-г гүйцэтгэх захирлын хяналтын дор хэрэгжүүлдэг. Тэд энэ системийн тусламжтай менежерүүд ажилтнууддаа хангалттай түвшинд зөвлөгөө дэмжлэг, коучинг өгч байгаа эсэхийг танддаг ажээ.

9. Ажилтнуудаа тогтоон барихад анхаарал тавих.

Чадварлаг баг, хамт олныг бүрдүүлэх нь менежер хүний үүрэг хариуцлагын нэг хэсэг юм. Сайн ажилтнуудаа тогтоон барих ч үүнд хамаатай. Тиймээс өөрийн удирдах арга барил, ажил үүрэг хуваарилсан байдлаа ахин нэг эргэцүүлээд үз. Та сайн ажиллагсдыг өөртөө татдаг дарга уу? Эсвэл үргээдэг дарга уу?

Нийтэлсэн огноо: 2022-07-29 -н