Компани амжилттай байгуулах 6 алхам


Аливааг эхэлнэ гэдэг амжилтынхаа 60%-д хүрсэнтэй тэнцэнэ гэдэг. Энэ магадлалд хүрэхийн тулд та мэдээж хичээл зүтгэл болон хэд хэдэн чухал алхмыг гүйцэтгэх шаардлагатай.

Нийтэлсэн: С. Энхчимэг

Компани амжилттай байгуулах 6 алхам

Алхам 1: Хуулийн этгээдийн төрлөө сонгох

Үйл ажиллагаанаас хамаарч хуулийн этгээдийн төрлөө сонгох нь бүх зүйлийн эхлэл. Үүнд: ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл гээд хуулийн этгээдийн төрлөөс шалтгаалж шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй байдаг. Тэгэхээр зорилго, алсын хараа, үйл ажиллагааны онцлог, үүсгэн байгуулагчдын тоо зэргийг харгалзаж үзээд төрлөө сонгоорой.

Цаашдын алхмуудыг ХХК буюу ашгийн төлөө байгууллагын жишээ дээр үргэлжлүүлцгээе!

Алхам 2: Хуулийн этгээдийн нэр сонголт

2021 оны 12-р сарын 31-ны байдлаар Монголын Бизнес регистрийн санд 184,245 аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа тул нэр сонгох нь тун ярвигтай ажил. Энэ бүх байгууллагын нэр давтагдахгүй байх дүрэмтэй гэхээр таны сонгосон нэрээр аль хэдийн хуулийн этгээд байгуулагдсан байх магадлалтай. Тиймээс компанийн нэрээ сонгохдоо нэлээд хэдэн хувилбартай байх нь цаг хэмнэдэг. Харин ерөнхий утгатай холбоо үүсгэх боломжтой үгсийг сонгох нь маш их цаг хугацаа орох болохыг анхааруулж байна. Оноосон нэр сонгохдоо анхаарах зүйлс мэдээллийг үүгээр орж сонирхоорой.

Алхам 3: Данс нээлгэх

УБЕГ-т нэрээ амжилттай бүртгүүлж, баталгаажуулсны дараа байгууллагын түр дансыг банкин дээр нээлгэх хэрэгтэй. Байгууллага дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай байх эсэхээс, валютын данс, төгрөгийн данс байх зэргээс хамаарч дансны доод үлдэгдлийн хэмжээ өөр байдаг. Түр данс нээлгүүлсний дараа банкны ажилтны зөвлөсний дагуу та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны үйлчилгээнүүдийг авах боломжтой.

/Жич: Голомт  банк л түр данс нээдэг гэдгийг сануулъя. Үүнд ердөө 20,000₮ л хангалттай./

Алхам 4: Нэрийн баталгаажуулалт

Нэрээ баталгаажуулж, түр дансаа авсны дараа бүртгэлийн ажилтанд байгууллагын бичиг баримтаа бүрдүүлэн өгч бүртгүүлнэ. Үйл ажиллагаа болон хуулийн этгээдийн төрлөөс хамааран өөр өөр байдаг. Уг жагсаалтыг үзэх бол ЭНД ДАРЖ анхааралтай танилцаарай.

Алхам 5: Бичиг баримтын бүрдэл

Байгууллагын бүх бичиг баримтаа өгч бүртгүүлсэн бол тамгаа захиалах ажил үлдэнэ. Бүртгэлийн ажилтан танд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг авах өдрийг тэмдэглэсэн “Өргөдөл хүлээн авах хуудас” өгөх бөгөөд тухайн хуудсыг ашиглан тамгын үйлдвэрүүдэд загвар дизайнаа сонгоод тамгаа захиална. Компани байгуулахад шаардлагатай баримт бичгүүдийг авах бол энд дарна уу. 

Алхам 6: Компаниа бүртгүүлэх 

Тийм ээ! Одоо л таны мөрөөдлийн компани албан ёсны бүртгэлд орох боломжтой боллоо. Үүнд:

  • Нэрээ авч баталгаажуулсан бол баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор компаниа бүртгүүлэх ёстой.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Татварын газарт татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой.

Шигтгээ:

iCompany таны цагийг хэмнэж улсын байгууллагын хүнд суртал урт дарааллаас үүсэх стрессгүйгээр ажлаа бүтээх боломжийг олгож таны өмнөөс хурдан найдвартай хуулийн дагуу Хуулийн этгээд шинээр бүртгүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

 

 
 

 

 

Нийтэлсэн огноо: 2023-01-03 -н