Оноосон нэр сонгохдоо анхаарах зүйлс
Та компани үүсгэн байгуулахаар шийдсэн л бол хамгийн түрүүнд хийх ажил бол компанидаа нэр өгөх, нэр сонгох үйл явц юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд 228000 гаруй байгаа тул эдгээртэй давхцалгүйгээр нэрээ сонгох хэрэгтэй. Тиймээс цаг хугацаа хэмнэх үүднээс нэр сонгохдоо анхаарах шаардлагатай зүйлсийг танд зөвлөж байна.
Нийтэлсэн: С. Энхчимэг
- Таны сонгосон хуулийн этгээдийн нэр нь зөвхөн “кирилл” үсгээр бичих ба дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй Жишээлбэл: Нэкст, Некст. Оноосон нэрийн үгийн байршил солигдсоноор болон давтан бичсэнээр бусдаас ялгарахгүй Жишээлбэл: “Баян өргөө” ХХК, “Өргөө баян” ХХК.
- Мөн хуулийн этгээдийн нэрэнд тоо оролцсон бол үсэглэн бичиж олгодог бөгөөд дан тоогоор нэр олгодоггүй байна. Жишээлбэл: “Таван богд” гэж олгохоос “Ерөн ес” гэж дан тоогоор олгохгүй байх нь.
- ТББ-аас бусад нэрийг дан үсгээр авч болох ба үсгийн хооронд зай, цэг, таслал авахгүй, ямар нэгэн утга илэрхийлсэн байж болохгүй
- ТББ-ын нэрийг гадаад үг болон товчилсон үсгээр олгохгүй. Гадаад үг оролцох тохиолдолд Хэл зохиолын хүрээлэнгээс уг үгийн утгачилсан тайлбар бүхий бичиг авч ирнэ.
- ТББ-ын нэр нь академи, холбоо, зөвлөл, дээд зөвлөл, төв, хүрээлэн, институт, танхим, клуб, эвлэл, сүлжээ, нэгдсэн, үндэсний, шинэ, хуучин, залгамж, сонгодог, уламжлалт гэх мэт үгсээр ялгарахгүй
- Хуулиар хориглосон эсхүл нийтийн зан суртахуунд сөргөөр нөлөөлөх агуулгатай нэрийг олгодоггүй
- Корпораци, консерциум, холдинг, нэгдэл, групп, корперэйшн зэрэг үгсийг ашигласнаар нэр ялгарахгүй
- Хэрэв та улс төрийн нам байгууахаар болсон бол оноосон нэрийг сонгохдоо Нам нь заавал оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ
- Сонирхож буй нэрийн Монгол эсвэл гадаад орчуулгаар галиглан өмнө нь авагдсан байх боломжтой тул давхар шүүж үзэхийг зөвлөе. Учир нь бүртгэлийн байгууллага үгийг орчуулан шалгах чиг үүрэг, боломж байхгүй юм
- Дэлхий нийтэд танигдсан брэнд нэрсийг дангаар олгохгүй бөгөөд албан ёсоор /тухайн нэрийг ашиглах эрх авсан бол энэхүү заалт хамаарахгүй юм. /
- Татан буугдсан эсхүл нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн нэрийг 30 хоногийн дараа авч болно.
Нийтэлсэн огноо: 2022-02-21 -н