Хөрөнгө оруулагчийн виз мэдүүлсэн туршлагаасаа ...


Гадаадын хөрөнгө оруулалтын компани байгуулсныхаа дараа Хөрөнгө оруулагчдыг хэрхэн Монголд улсад бизнесийнхээ үйл ажиллагааг явуулахын тулд ХӨРӨНГӨ оруулагчаар оршин суух виз мэдүүлсэн тухай туршлагаасаа хуваалцаж байна. 

Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсантай холбоотойгоор танд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч болон төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн зэрэг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хамаарал бүхий этгээд Монгол улсад оршин суух визийн зөвшөөрөл хүсэхээр бэлдэж байгаа бол дараах бичиг баримтууд болон бүрдэлд анхаарах нь зүйтэй.

В1 оршин суух визийн зөвшөөрөл хүсэх. Үүнд: Хэрэв хөрөнгө оруулагч нь хувь хүн буюу гадаад иргэн хөрөнгө оруулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа явуулахаар Монгол улсад урин оршин суух шаардлагатай бол хуулийн этгээд нь В1 визийн зөвшөөрөл хүсэх шаардлагатай болно.

В1 оршин суух визийн уригчийн бүрдүүлэх баримт бичигт болон анхаарах зүйлс:

1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт- Энэхүү хүсэлтийг албан бичгээр ГИХГ-т хандан дараах зүйлсийг тусган гаргах шаардлагатай. Үүнд:

  • Байгууллагын үйл ажиллагааны чиглэл
  • Уригдагч иргэний Монгол Улсад байх хугацаа /91-ээс дээш хоног/
  • Уригдагч иргэний Монгол Улсад байх зорилго
  • Виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хуулбаруудыг хавсаргасан байвал танд илүү хэрэг болно.

3.    Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна) мөн хуулбар.

4.  Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тодорхойлолт – Энэхүү тодорхойлолт нь Эдийн засаг, хөгжлийн яамнаас олгодог бөгөөд тухайн иргэн нь хөрөнгө оруулагч мөн эсэх, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хамаарал бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох чухал баримт юм.

Дээр тодорхойлолтыг цахимаар буюу https://e-invest.mn/ сайтаар мэдүүлэн шаардагдах бичиг баримтуудыг явуулснаар шалгагдан ажлын 2-3 хоногт гардаг байгаа.

5.  Визийн зөвшөөрөл мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хуулга мөн Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн нотлох баримт буюу банкны тодорхойлолтыг хавсаргасан байвал зохистой.

6. Тухайн жилийг оруулахгүйгээр татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт, ажил олгогчийн НДШ төлөлтийн тодорхойлолт болон шаардсан тохиолдолд бусад баримт бичиг. Хэрэв танай хуулийн этгээд дөнгөж шинээр байгуулагдсан бол харьяа Татварын албанд бүртгүүлэн, татварын тодорхойлолтыг хавсаргах шаардлагатай.

7.    Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар;

8.   Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт (Энэ тодорхойлолтыг ГИХГ-аас шаардсан тохиолдолд хавсаргана);

9.   Тэмдэгтийн хураамж төлсөн баримт – Визийн зөвшөөрөл хүсэх тэмдэгтийн хураамж нь энгийн болон яаралтай гэж 2 төрөл бөгөөд тус тусын үнэ ялгаатайгаас гадна визийн зөвшөөрөл гарах хугацаа нь мөн ялгаатай байна.

10. Мэдүүлгийн хуудас – Энэхүү хуудсыг ГИХГ-ын цахим хуудаснаас болон мэдээлэл, лавлагааны хэсгээс аван бөглөх бөгөөд визийн зөвшөөрөл хүсэж буй иргэний цээж зураг, өмнөх ажил,мэргэжил гэх мэтчилэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг бөглөх шаардлагатай.

Анхаарах зүйлс:

Дээрх бичиг баримтууд нь шат дараатай бүрдэх бөгөөд ганц өдрийн дотор бүгдийг бүрдүүлэхэд тун бэрхшээлтэй юм. Учир нь тус тусын салбар байгууллагуудаас тодорхойлолт, холбогдох бичиг баримтуудыг гаргуулахад хугацаа шаардагдана. Иймээс та оршин суух визийн зөвшөөрөл мэдүүлэх гэж байгаа бол эртнээс энэхүү бичиг баримтуудын бүрдэлд анхааран ажиллах шаардлагатай.

 Тодруулга:

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэнэ.

Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

Хэрэв танд зөвлөгөө шаардлагатай бол та манайхтай холбогдон зөвлөгөө аваарай. 

 

Нийтэлсэн огноо: 2022-11-09 -н