Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах иргэдийн тоо нэмэгдэж манайх ч бас хэд хэдэн компанид зөвлөгөө өгч ажилласан туршлагаасаа хуваалцъя.
Бичиг баримтын бүрдэл болон анхаарах зүйлс
1. Өргөдөл УБ-03, УБ-12 маягт Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргана.
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт – Энэ нь компанийн цаашид хэрэглэх оноосон нэр юм. Оноосон нэр сонгоход хүмүүс маш их чухалчилж авч үздэг болсон бөгөөд та ч мөн адил оноосон нэрээ чухалчилж сонгоорой.
3. Улсын тэмдэгтийн хураамж - Нэрээ баталгаажуулсны дараа Улсын тэмдэгтийн хураамжаа төлнө. ГХОХХК байгуулахад Нэр баталгаажуулалт, Улсын тэмдэгтийн хураамж, Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох зэрэг үйлчилгээний хөлс тус тусад нь төлөн баримтуудыг авах шаардлагатай.
4. Үүсгэн байгуулагчийн шийдвэр, /тогтоол/ мөн хурлын тэмдэглэл /1 хувь/ - Үүсгэн байгуулагчийн шийдвэр тогтоол-т
· Компани үүсгэн байгуулах тухай
· Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичнэ/
· Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг
· Гүйцэтгэх захирлыг сонгох, овог нэр, регистр /үүсгэн байгуулагч өөрөө гүйцэтгэх захирал байж болно/
· Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх
Дээрх шийдвэр, тогтоол, дүрэм, хурлын тэмдэглэл дээр үүсгэн байгуулагчид гарын үсэг зурах бөгөөд мөн гадаад хэл дээр баталгаат орчуулга хийсэн байвал Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдаж болно.
Хэрэг үүсгэн байгуулагч нь компани бол
· Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
· Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар эдгээр мөн л адил Монгол болон гадаад хэл дээр орчуулсан байвал зохистой.
5. Дүрэм – Энэ нь танай компани цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах компанийн удирдах албан тушаалуудын эрх, үүрэг зэрэг Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг бүхэлд нь дүрэмдээ тусгаж өгөх байгаа. /Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь/
6. Гэрээ – 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах гэрээг байгуулж /гэрээнд үүсгэн байгуулагчид нь хэдэн төгрөгийн үнэ бүхий хэдэн ширхэг хувьцааг эзэмших, компанийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хувьцаа эзэмшигч өөрт эзэмшиж буй хувьцаандаа нь ямар эрх, үүрэгтэй байх зэрэг зүйлсийг агуулсан байна/, нотариатаар батлуулсан байна. Энэхүү гэрээ нь мөн л /Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь/ байна.
7. Хөрөнгө оруулалтыг нотлох баримт – Энэхүү алхам нь ГХОХХК гэж нэрлэх гол үндэс бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх. Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичгийг хавсарган өгнө. /Мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө гадаадын хөрөнгө оруулагчаас шилжүүлсэн бол шинээр байгуулж буй компанийн нэр дээр түр банкинд данс нээлгэн тухайн дансанд шилжүүлэн тодорхойлолт авна. Түр данс нээх үйлчилгээг Голомт банк үзүүлдэг. Та үүсгэн байгуулах шийдвэр болон Бичиг баримттайгаа очин түр дансаа нээлгэх байгаа/
8. Хуулийн этгээдийн байрших хаягийн нотлох баримт – Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/, түрээсийн гэрээ зэрэг мөн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн бүртгэлтэй хаягаар бүртгүүлж болох байгаа.
9. Паспортын хуулбар – Үүсгэн байгуулагч эрх бүхий гадаадын болон дотоодын иргэдийн паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар.
Баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байх. Гадаад улс оронд үйлдэгдсэн бол Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх. Ингээд дээрх бичиг баримтуудаа дэс дараалалтайгаар бүрдүүлэн өргөдөл гаргах эрх бүхий этгээд Үүнд:
· Гүйцэтгэх удирдлага,
· Үүсгэн байгуулагч,
· Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,
· Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд бөгөөд Та бэлэн болсон бүх бичиг баримтуудаа Эдийн засаг, хөгжлийн яамны бүртгэлийн газарт өөрийн биеэр өгнө. Таны бичиг баримтуудын шаардлагыг хангаж байгаа гэж үзвэл Ажлын 5-7 хоног дотор Хуулийн этгээдийн гэрчилгээ шинээр гарах болно. Танд амжилт хүсье.