Нэр: iCompany.mn
Хаяг: Баянгол дүүрэг, Гранд Плазагийн зүүн талд Бүрд оффисын дөрөвдүгээр давхарт
Чиглэл: Санхүү бүртгэл, хууль эрх зүй, маркетингийн гурвалсан зөвлөх үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: "БиПрос Монголиа" ХХК, С.Энхчимэг
Үүсгэн байгуулагдсан: 2022 оны хоёрдугаар сарын 22
Холбоос: icompany.mn (Вэб), iCompany (Фэйсбүүк)
СЭДЭЛ
Бизнесээ дөнгөж эхлүүлээд явж байгаа компаниудад олон бэрхшээл тулгардаг. Компаниа байгуулахаас эхлээд холбогдох зөвшөөрлөө авах, зээлийн материал бүрдүүлэх гэх мэт ажлууд дээр үйл явц нь тодорхойгүй, бичиг цаасны хувьд ойлгомжгүй зүйл дэндүү олон. Бүтээгдэхүүн шийдэл нь гоё ч гэлээ маркетинг, хууль, санхүүгийн мэргэжлийн баг, байг гэхэд ажилдаа дадлагажиж гаршсан нэг сайн ажилтан байхгүйн улмаас үйл ажиллагаа нь доголдож, борлуулалт нь унаж, ашиг багатай ажиллаж яваа компаниудыг харахад харамсалтай санагддаг байсан. Манай багийн хувьд маркетингийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай. Тэр ч утгаараа энэ мэт кэйсүүдийг харахаар болвол бүгдэд нь хэлээд, зөвлөөд өгчихмөөр санагдана гээч. Эндээс л бидэнд дээрх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг үр дүнтэй, зардал багатайгаар шийдвэрлэх боломжийг бий болгох санаа төрсөн.
ЯЛГАРАЛАжил, үйлчилгээ эрхэлж буй хэн бүхэнд зориулсан маркетинг, хууль, санхүүгийн гурвалсан үйлчилгээ гэж хэлнэ. Бид компаниудад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг хайж, судалсны үндсэн дээр маркетинг, хууль, санхүүгийн хосолсон үйлчилгээний цахим платформоо хийсэн. Ингэснээр бизнес эрхлэгчдэд холбогдох ажил үйлчилгээг нэг дор цогцоор үзүүлж, цаг хугацааг нь хэмнэхийн дээр тэдэнд шаардлагатай санхүү бүртгэл, хуулийн баримт бичгийн загварууд, маркетингийн арга хэрэгслүүд гэх мэт шаардлагатай мэдээллүүддээ шууд татаж аваад ашиглах боломжийг олгож байгаа юм. Одоогоор манайд 1000 гаруй санхүү болон хуулийн баримт бичгийн загвар, маркетингийн цахим номууд байршиж буй.
Мөн бид зөвлөх үйлчилгээг санал болгодог ба үүгээр дамжуулан хугацаа алдахгүйгээр гурван өөр төрлийн үйл ажиллагааны тусгайлсан зөвлөх үйлчилгээг нэг багц үнээр авах боломжтой болно.
Иргэн болон хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан баримт бичгийн цахим үйлчилгээ. Манайхаас бүх л төрлийн баримт бичгийн бэлэн загвар, туршлагатай мэргэжлийн баг хамт олны зөвлөх үйлчилгээг хүртэж болно.
НЭРiCompany гэдэг нь шууд утгаараа "Би бол компани" гэж байгаа юм. Бид бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааныхаа үндсэн гурван төрлийн асуудлыг нь цахимаар, хурдан, хөнгөн шийдэх боломжийг олгодог. Аливаа бизнесийн маркетинг, санхүүгийн үйл ажиллагаа хуулийн дагуу, бичиг цаасан дээрээ ч ямар нэг алдаа мадаггүй явах нь урт хугацаандаа зах зээлд амжилттай оршин тогтнох гол үндэс шүү дээ. Үүнийг л бид хийхээр зорьсон.
ОДООҮйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш, гуравхан сар гаруйн хугацаанд 200 гаруй үйлчлүүлэгч манай цахим хуудсаар дамжуулан нийт 1600 гаруй баримт бичиг бэлтгүүлэн авсан байна. Нэгэнт эрэлт нь харагдаж, нийлүүлэлт нь эхэлсэн тул бид үйлчилгээгээ улам сайжруулан, ойрын хугацаанд iCompany.mn вэбсайтын шинэчлэгдэж сайжруулсан хувилбарыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хувилбар нь төлбөр тооцоо, баримт бичгийн хайлт, илэрцийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болгож өгснөөрөө онцлог болох юм. Мөн загвар дизайныг шинэчилж харагдацыг сайжруулахаа ч мартаагүй.
Түүнчлэн маркетингийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг (хоёр төслийг) зах зээлд таниулахаар маркетингийн баг маань ажиллаж байна.
Аж ахуй нэгжүүдийн хувьд хагас жилийнхээ санхүүгийн тайланг гаргах ажил эхэлж байгаатай холбогдуулан компаниудын санхүүгийн тайланг бэлтгэх, санхүүгийн шинжилгээ хийх зэрэг улирлын шинжтэй ажлуудад холбогдох баг маань хэдийн орчихсон.
Манай баг одоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэй, дотроо үндсэн гурван багт хуваагдан ажилладаг. Бид тухайн салбартаа мэргэшсэн, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж чадсан болохоор энэ давуу талаа ашиглан ажилтнууддаа цахим байдлаар ажиллах боломж олгодог. Энэ нь ч компанийн үр бүтээмжийг эерэгээр нөлөөлдөг шиг санагддаг шүү.
Ингэхдээ анхлан бүрдүүлсэн багаа чадвартай, мэргэшсэн гээд тайвшралгүй, тасралтгүй хөгжих боломжоор хангахыг зорьдог юм. Ер нь товчхондоо орчин үеийн бизнесийг орчин үеийн хүмүүс үзүүлэх ёстой гэдэг зарчимтай.
ИРЭЭДҮЙМанай компани одоогоор хоёр зорилт тавиад ажиллаж байна. Үүнд:
Нэгт, зөвлөх үйлчилгээ болон баримт бичиг боловсруулах ажлыг бүрэн цахимжуулж, харилцагчдын цаг завыг хэмнэх чанартай үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр оффисын орчин дахь шаардлагагүй цаас үйлдвэрлэлтийг бодитоор багасгах ч боломжтой.
Хоёрт, үүсгэн байгуулагдаад удаагүй ч хөрөнгө мөнгө, хүний нөөцийн дутмаг байдлаас болоод зах зээлд тэсэж үлдэж чадаагүй олон бизнес эрхлэгчид байна. Тийм л бизнесүүдэд гараагаа амжилттай эхлэхэд нь өөрсдийн цахим платформоор дамжуулан дэмжлэг үзүүлж, тулгамдаж буй асуудлыг нь зардал багатайгаар шийдэх боломжийг олгож, боломжит нөөцөндөө бүрэн хүрэхэд туслах нь бидний зорилго.
Эдгээр зорилтуудтайгаа холбоотойгоор туршилтын журмаар шинэ төрлийн баримт бичгийн үйлчилгээг нэвтрүүлээд ажиллаж эхэлсэн. Ойрын ирээдүйд үйлчлүүлэгчдэдээ танилцуулна даа.
ЭРСДЭЛОдоогийн байдлаар цахим баримт бичгийн хэрэглээ бага, онлайн зөвлөгөө ч авч дадаагүй байна гэж дүгнэсэн. Өнгөрсөн хугацаанд баримт бичгийн цахим үйлчилгээг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд тодорхой хугацаа шаардагдахыг ойлгож авсан нь бас нэг ололт болов уу. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр хүмүүс цахимаар ажиллаж, цахимаар ажлаа амжуулахад тодорхой хэмжээнд суралцсан ч гэлээ энэ мэт ажилдаа бэлэн загвар аваад шууд хэрэглэж болно гэдэгт эргэлздэг юм билээ. Давуу тал нь энэ бол гарцаагүй ирээдүй. Олон жил ашиглаж ирсэн цаасны хэрэглээ удахгүй цахим хэлбэрт бүрэн шилжиж, зардал мөнгө, цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээнүүд хүссэн хүсээгүй энгийн зүйл болно шүү дээ. Залуус ч үүнийг хүсэж байгаа.