Хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн хуулийн этгээдийг дангаараа болон бусадтай хамтран байгуулдаг. Тэгвэл Хуулийн этгээдийн олон төрөл байх бөгөөд бүгд өөрийн өөрийн үйл хэрэг, зорилгоос хамааран тусгайлан зохицуулсан хуультай байдаг. Та яг одоо ямар нэгэн хуулийн этгээдээр дамжуулан үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа бол хуулийн этгээдийн хэлбэрүүдийн талаар уншиж судлаарай.
Нийтэлсэн: С. Энхчимэг
Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр тус тус байгуулна.
Компани - Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.
Нөхөрлөл - Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
Холбоо - Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ.
Сан - Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.
Хоршоо - Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.